ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Та хөдөлмөрийн дотоод журамтай танилцахдаа, гарчиг тус бүр дээр дарж дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу.
1.1 “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ын хөдөлмөрийн дотоод журмаар (цаашид журам гэнэ) байгууллагын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, байгууллага, ажилтан хоорондын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, эдгээртэй холбоотойгоор үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулна.
1.2 Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс:
Байгууллагын Эрхэм зорилго нь “Эрүүл энх, аз жаргалтай амьдралд хөтөлнө”
Байгууллагын Алсын хараа нь “Эрүүл амьдралын хэв маягийг хүн бүрийн сонголт болгох экосистемийг бүтээж эрүүл мэндийн зардлыг бууруулна”
Байгууллагын Үнэт зүйлс нь:
Хүрээлэн буй орчиндоо ээлтэй;
Эерэг хандлагатай;
Хариуцлага ёс зүйтэй;
Тасралтгүй суралцагч, сониуч сэтгэлгээтэй;
Үйлчлүүлэгч төвтэй.
2.1 Хөдөлмөрийн удирдлага
2.1.1 “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн дээд удирдлага нь хувьцаа эзэмшигчдээс томилогдсон Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид ТУЗ гэх) байна. ТУЗ-аас томилогдсон Гүйцэтгэх удирдлага нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулна.
2.1.2 Байгууллагын нийт ажилтнууд өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг Гүйцэтгэх удирдлага болон удирдах ажилтны өмнө бүрэн хариуцлага хүлээж ажиллана.
2.1.3 Тухайн шатанд ажиллаж байгаа удирдах ажилтнууд нь хариуцсан тодорхой үүрэг, чиглэл, ажлын гүйцэтгэл, үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтээрээ удирдлагын өмнө бүрэн хариуцлага хүлээж ажиллана.
2.1.4 Байгууллагын дээд удирдлага нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээр, энэхүү дотоод журамд заасан эрх, үүргийн хэрэгжилтэд хатуу хяналт тавьж, хариуцлагыг зохих хэмжээнд тооцож ажиллах эрхтэй.
2.2 Бүтэц зохион байгуулалт
2.2.1 Байгууллага нь ТУЗ-р батлагдсан Хавсралт 1. “Байгууллагын бүтэц, зохион байгуулалт”-аар үйл ажиллагаагаа явуулна.
3.1 Гүйцэтгэх удирдлага нь хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.
3.2 Гүйцэтгэх удирдлага эзэнгүй үед захирлын итгэмжлэн томилсон хүн орлон ажиллана.
3.3 Байгууллагын дотоод үйл ажиллагаатай уялдан гарах асуудлыг “Үйл ажиллагааны багц журам”-аар зохицуулна.
4.1 Гүйцэтгэх удирдлагын томилсон төлөвлөлтийн баг нь байгууллагын стратегийг 3-5 жилээр төлөвлөнө.
4.2 Стратеги төлөвлөгөөнөөс үндэслэн бизнес төлөвлөгөөг боловсруулна. Бизнесийн жил нь жил бүрийн 3-р сараар тасалбар болно.
4.3 Бизнес төлөвлөгөөг боловсруулахдаа;
4.3.1 Өмнөх бизнесийн жилийн стратегийн зорилго, зорилтуудын гүйцэтгэлийг дүгнэн ТУЗ-д танилцуулах;
4.3.2 Стратегийн зорилго, зорилтуудыг шинэчлэх шаардлагатай тохиолдолд шинэчилэн стратеги төлөвлөгөөнд тусгана;
4.3.3 Шинэчилсэн стратегийн зорилго, зорилтууд дээр үндэслэн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд бөгөөд санхүүжилт, мөнгөн урсгалыг төлөвлөж бизнес төлөвлөгөөг боловсруулан ТУЗ-ын хурлаар танилцуулан батлуулна.
4.4 Батлагдсан стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сар бүрийн ажлын эхний өдөр Хавсралт 2. “Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан”-г хурлын нарийн бичигт илгээнэ. Хурлын нарийн бичиг нь менежерүүдээс ирсэн тайланг нэгтгэн, хурлын хөтөлбөрийг менежерүүдэд илгээнэ. Менежерүүд өөрсдийн хариуцсан нэгжийн зорилго, зорилт, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хуралд танилцуулна. Хурлын нарийн бичиг нь хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулна.
4.5 Менежментийн баг нь 7 хоног бүрийн Пүрэв гарагийн 09.00-10.30 цагийн хооронд батлагдсан хөтөлбөрийн хүрээнд шуурхай хурал хийх ба хурлаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
4.5.1 Төслийн хэрэгжилтийн явцыг “Хэвийн, Хэвийн бус, Эхлээгүй, Дууссан” тэмдэглэгээгээр хяналтын самбарт мэдээллийг оруулж танилцуулах;
4.5.2 Үзүүлэлтийн гүйцэтгэлийн самбарт мэдээллийг оруулж
4.5.3 Өөрийн хариуцсан процессын үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг танилцуулна.
4.6 Хурлын өмнөх өдөр менежерүүд төслийн хэрэгжилтийн явцыг Хавсралт 3. “Төслийн гүйцэтгэлийн самбар”-т, үзүүлэлтийн гүйцэтгэлийг Хавсралт 4. “Үзүүлэлтийн гүйцэтгэлийн самбар”-т оруулсан байна.
4.7 Хуралд оролцохдоо менежерүүд ажлын гүйцэтгэлийн тайлан, мэдээ, хувийн бэлтгэлээ сайтар хангаж оролцоно.
4.8 Ажилтны ажлын гүйцэтгэлийг “Гүйцэтгэлийн үнэлгээний журам”-аар зохицуулна.
4.9 Бусад төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнахтай холбогдон гарах асуудлуудыг Хавсралт 5. “Үйл ажиллагааны багц журам”-аар зохицуулна.
5.1 Ажил олгогчийн эрх, үүрэг
5.1.1 Ажил олгогч нь ажилтны эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадварыг харгалзан ажилд томилох, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж гарын үсэг зуруулах, ажилтантай хийх хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, ажилтанг ажилд авах тухай тушаалыг бичгээр гаргана.
5.1.2 Ажил олгогчийн зүгээс ажилтны ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж болох бөгөөд түүнийг оновчтой зөв зохион байгуулж, өөрчлөлтийн талаар тухай бүр ажилтанд мэдэгдэнэ.
5.1.3 Ажилтны ажил үүргийн онцлогоос хамааруулж Аварга тосон рашаан сувилал ХХК-ны ажлыг хавсран гүйцэтгүүлж болно.
5.1.4 Ажилтанд хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр танилцуулах ба эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дүрэмт хувцсаар хангана.
5.1.5 Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлсийг тогтоосон хугацаанд сард 2 удаа олгох ба сар бүр Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын зохих шимтгэлийг төлнө.
5.1.6 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг үндэслэн ажилтанд жил бүр ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлнэ.
5.1.7 Ажилтны нийгмийн асуудал мөн сургалтад хамрагдах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, санал гомдол, хүсэлт өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж болно.
5.1.8 Ажил олгогчийн буруугаас шалтгаалан ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эрүүл мэндэд нь хохирол учирсан бол зохих хуулийн дагуу тэтгэмж, буцалтгүй тусламж олгож болно.
5.1.9 Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, Хөдөлмөрийн тухай хуулийн 123, 129, 130, 131 дугаар зүйлүүдэд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.
5.1.10 Ажил олгогч нь ажилтан сахилгын болон ажлын хариуцлага алдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын заалтын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.
5.1.11 Байгууллагын дээд удирдлагын шийдвэрээр ажиллах өдөр, ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулна.
5.1.12 Байгууллагын дотоод зохион байгуулалтаар ажлын байрны шилжилт хөдөлгөөнийг хийж болно. Ингэхдээ ажилтанд урьдчилан мэдэгдсэн байх бөгөөд талууд харилцан зөвшилцөж, зөвшөөрсөн байна.
5.1.13 Байгууллага нь жилдээ 1-ээс багагүй удаа Гүйцэтгэх удирдлагын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ур чадварын үнэлгээ хийнэ.
5.2 Ажилтны эрх, үүрэг
5.2.1 Ажилтан нь “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн эрх ашгийн төлөө үнэнчээр хөдөлмөрлөх, ажил үүрэгтэй холбоотой хуулиар тогтоосон нууцыг хадгалах, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахин биелүүлэх, ажлын байранд эмх цэгц, хувийн зохион байгуулалттай байх үүрэгтэй.
5.2.2 Менежер болон түүнээс дээш түвшний албан тушаалтан Байгууллагын стратеги төлөвлөлтөөс үндэслэн өөрийн алба нэгжийн үйл ажиллагааг жилээр төлөвлөх ба төлөвлөгөөг Гүйцэтгэх удирдлагаар батлуулан хэрэгжүүлэх үүрэгтэй.
5.2.3 Ажилтан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдсан нөхцөлд ажиллах, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс авах, амрах эрхтэй.
5.2.4 Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан гүйцэтгэх ажил үүргийг биелүүлэх, шинийг санаачлах, тухайн ажлын байранд шаардлагатай мэргэжлийн болон онцгой ур чадвараа ашиглах, мэргэжил, мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрхтэй.
5.2.5 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахихад шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангуулах эрхтэй.
5.2.6 Ажлын байр, хамт олон, үйлчлүүлэгчдийн дунд биеэ зөв авч явах, соёлч боловсон, мөн албан хувцаслалтад анхаарч, ёс зүйн з арчмыг баримтлан, ажлын байран дээр бусад ажилтнууд, үйлчлүүлэгч, харилцагч байгууллагын нэр хүндэд санаатай болон санаандгүй байдлаар халдах, хувийн мэдээллийг дамжуулахгүй байх үүрэгтэй.
5.2.7 Байгууллагаас зохиогдож буй олон нийтийн ажилд идэвхтэй оролцох үүрэгтэй.
5.2.8 Ажилтан нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх, биелүүлэх үүрэгтэй.
5.2.9 Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах үүрэгтэй.
5.2.10 Ажлын байран дээр ХАБЭА зааварчилгаатай танилцаж, түүнийг дагаж мөрдөн ажиллах үүрэгтэй.
5.2.11 Байгууллагад зайлшгүй хийгдэхээр тусгагдсан ажил гарвал нийтийн амралт, баяр ёслолын үед ажиллах, ажилласан тохиолдолд илүү цагийн нөхөн олговор олгогдоогүй үед нөхөн амрах эрхтэй.
5.2.12 Ажил олгогч үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо шийдвэрлүүлэх эрхтэй.
5.2.13 Аливаа шаардлагатай асуудал, санал гомдол, хүсэлтийг дээд удирдлагад шийдвэрлүүлэхээр тавьж болно.
5.2.14 Ажилтан гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт шаардлагатай мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр мэдэгдэнэ.
5.2.15 Байгууллагаас албан хэрэгцээнд олгосон эд хогшил, тоног төхөөрөмж, дүрэмт хувцас, багаж хэрэгслийг ариг гамтай ашиглах, хэрэв өөрийн буруугаас шалтгаалан эд хөрөнгийг үрэгдүүлж гэмтээн ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал буюу бүрэн хариуцлага хүлээж, хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгох үүрэгтэй.
5.2.16 Ажилтан аюулгүй ажиллага, үйл ажиллагааны дүрэм журмыг чанд сахин биелүүлээгүйн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан тохиолдолд ажил олгогчийн зүгээс хариуцлага хүлээхгүй бөгөөд ажилтан хохирлыг өөрөө хариуцна.
6.1 Ажлын цаг
6.1.1 Ажилтнуудын ажлын өдөр, ажил эхлэх, дуусах цагийг дараах байдлаар тогтоов. Үүнд: Оффисын ажилтнуудын ажлын цаг: Даваа – Баасан 08:30-17:30, 09:30-18:30 ажлын ачаалал ихтэй улиралд Бямба гарагт ажиллана.
6.1.2 Ажлын цаг, ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил, үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулж болно.
6.1.3 Тухайн ажлын байрны гүйцэтгэх ажил үүргийн онцлогоос хамааран ээлжээр ажилладаг ажилтнууд нь байгууллагаас тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу ээлжээр ажиллана.
6.1.4 Ажилтан ажилдаа ирсэн, тарсан цагийг тогтмол бүртгүүлэх ба ажлын цагт багтах цагаар хариуцсан ажлын шаардлагаар гадуур ажиллах үед албаны удирдлагад мэдэгдэж Хавсралт 6. “Гадуур ажлын бүртгэлийг хуудас”-ыг бөглөж, удирдлагаар гарын үсэг зуруулна.
6.1.5 Ажлын цагийн бүртгэл, ажилтны ажлын цаг ашиглалтын байдалд Албаны удирдлагууд болон нягтлан бодогч хяналт тавьж ажиллана. Ажлын цаг бүртгэлийн тайланг сар бүр гарган Гүйцэтгэх захиралд танилцуулж батлуулна.
6.1.6 Хүний нөөцийн алба нь ажлын цаг бүртгэлийн тайланг сар бүрийн 2-ны өдөр гаргах ба өвчтэй, чөлөөтэй цаг зэргийг тооцон гаргаж хянана. Баталгаажсан цаг бүртгэлийн тайланг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.
6.1.7 Бүх нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилтнууд амарна. Бүх нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд дараах үндэсний баярууд орно. Үүнд:
6.7.1.1 Шинэ жил: 1 сарын 1;
6.7.1.2 Цагаан сар: Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
6.7.1.3 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр : 3 сарын 8;
6.7.1.4 Бурхан багшийн их дүйчэн өдөр зуны тэргүүн сарын шинийн 15;
6.7.1.5 Эх үрсийн баяр: 6 сарын 1;
6.7.1.6 Үндэсний их баяр наадам: 7-р сарын 11, 12, 13, 14, 15;
6.7.1.7 Чингисийн төрсөн өдөр: Өвлийн тэргүүн сарын шинийн ;
6.7.1.8 Монгол Улсын Тусгаар тогтнолын өдөр 11 сарын 26;
6.7.1.9 Үндэсний эрх чөлөөний өдөр 12 дугаар сарын 29.
6.1.8 Дараах өдрүүдэд ажлын ачаалал багатай үед ажилтнууд ажлын тогтмол тарах цагаас эрт буюу 13:00 цагт тарж болно. Үүнд:
6.8.1.1 Шинэ жилийн өмнөх өдөр: 12-р сарын 31;
6.8.1.2Цагаан Сар: Битүүний өдөр;
6.8.1.3Үндэсний их баяр наадам: 7 сарын 10;
6.8.1.4 Байгууллагын шинэ жил: Шинэ жилийн баярын арга хэмжээг ажлын өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн бол тухайн ажлын өдөр хагас өдрөөр ажиллаж болно.
6.1.9 Байгууллагын үйл ажиллагааны онцлог, зайлшгүй хийх ажил гарах зэргээс хамаарч амралтын өдрүүд болон нийтээр амрах баяр ёслолын амралтын өдрүүдээр ажилтанг ажиллуулж болно.
6.2 Чөлөө авах
6.2.1 Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түр чөлөө авахдаа шууд удирдлагад мэдэгдэх бөгөөд зөвшөөрлийн үндсэн дээр хүчин төгөлдөр болно. Хүний нөөцийн ажилтан “Чөлөөний бүртгэлийн хуудас”-ийг бүртгэж ажиллана.
6.2.2 Богино хугацааны чөлөө авах бол чөлөөний цаг хэрэгжиж эхлэхээс доод тал нь 1 цагийн өмнө мэдэгдэнэ. Хэрэв 1-3 өдрийн чөлөө авах бол 1 өдрийн өмнө, 3-аас дээш хоногийн чөлөө авах бол 3 хоногийн өмнө мэдэгдэнэ.
6.2.3 Ажлын 1-8 цагийн чөлөөг харьяалах албаны удирдлага олгоно. Ажилтан Хавсралт 7. “Цагийн чөлөөний хуудас” бөглөж харьяалах албаны удирдлагад танилцуулан баталгаажуулснаар чөлөөг олгоно.
6.2.4 Ажлын 1 ба түүнээс дээш хоногийн чөлөөг харьяалах албаны зөвшөөрлөөр хүний нөөцийн менежер олгоно.
6.2.5 Ажилтан 1 ба түүнээс дээш өдрөөр өвчилсөн тохиолдолд мэдэгдэх шаардлагатай ба эмчийн үзлэгийн магадалгааг өгнө. Хэрэв магадлагааг өгөөгүй тохиолдолд ажилтанг ажил тасалсанд тооцно.
6.2.6 Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах тохиолдолд Гүйцэтгэх удирдлагын тушаалаар цалинтай чөлөө олгож болно.
6.2.7 Ажилтан Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 139 дугаар зүйлд заасан хүүхэд асрах чөлөө авах бол чөлөө авахаас ажлын 15 хоногийн өмнө чөлөө хүсэх өргөдөл өгнө, жирэмсний болон амаржсаны амралт авах бол эмнэлгийн хуудсыг Монгол улсын Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/30 тоот тушаалын дагуу захиргаанд авчирч өгөх үүрэгтэй. Дээрх баримт бичгүүдийг үндэслэн ажилтанд чөлөө олгоно.
6.3 Ээлжийн амралт олгох
6.3.1 Ажилтан нь жил бүр ээлжийн амралтыг биеэр эдэлнэ.
6.3.2 Ажилтны ээлжийн амралтыг олгох, амралттай үеийнх нь хөлсийг тооцохдоо Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг баримтална.
6.3.3 Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 хоног байна.
6.3.4 Ээлжийн амралт авах ажилтан Хавсралт 8. “Ээлжийн амралт олгохыг хүссэн өргөдөл”-ийн дагуу хүсэлт гаргана.
6.4 Жирэмсний болон амаржсаны амралт, эцгийн чөлөө
6.4.1 Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно.
6.4.2 Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулсан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно.
7.1 Ажилтны үндсэн цалинг сард 2 удаа тогтоосон хугацаанд олгох ба мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн нөхцөл, ажил үүргийн гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмж, чанар, мэргэжлийн ур чадвар, албан тушаалын шатлалаас нь хамааруулан цалинг тогтооно.
7.2 Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу үндсэн цалин дээрээс суутгана төлнө.
7.3 Ажил олгогч нь ажилтны идэвх чармайлт, ажлын гүйцэтгэлийн биелэлт, бүтээлч байдал, цаг ашиглалт сайн, хөдөлмөрийн сахилгыг ч анд сахидаг, шинэ санаа санаачлага, архивлан хэмнэлт гаргасан зэргийг бодитой үнэлэн дүгнэж, жилийн эцсээр зохих шагнал урамшууллыг олгож болно.
7.4 Ажилтанг шагнаж урамшуулахдаа Захирлын тушаал, шийдвэрийн дагуу шагнаж урамшуулна.
7.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т зааснаар, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээсэн хугацаанд ажилтанд шагнал урамшуулал олгохгүй болно.
7.6 Байгууллагаас жинхэлсэн ажилтанд дор дурдсан хангамж, дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:
7.6.1 Хөдөлмөрийн багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, бичгийн хэрэгсэл, дүрэмт хувцас болон бусад зүйлсээр хангана;
7.6.2 Ажилтанд өдрийн хоол, унааны хөнгөлөлтийг байгууллагаас олгоно. Хоол, унааны хөнгөлөлтийн хэмжээг Гүйцэтгэх удирдлагын тушаалаар тогтооно;
7.6.3 Байгууллагаас сургалтын төлбөрийг хариуцан ажилтанг дотоод, гадаадад мэргэжлийн сургалтад хамруулж болно.
7.7 Ажилтны илүү цагийг Ажлын цаг нэгтгэн бодох журмаар зохицуулна.
8.1 Ажилтанг ажилд авах үйл явцыг Гүйцэтгэх удирдлагын тушаалаар батлагдсан Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын багц журмаар зохицуулна.
8.2 Байгууллага нь ажилтанг дадлагаар, туршилтаар, түр ажлын байранд ажлуулах гэрээгээр ажил авна. Авахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар хийнэ.
8.2.1 Туршилтын ажилтанг жинхлэх: Туршилтын хугацааг дуусгавар болгон ажилтанг үндсэн ажилтнаар ажилд авахад ажилтан нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
8.2.1.1 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хувь тухайн ажилтаны албан тушаалын тодорхойлтод заасан “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг хангасан болон давуулан биелүүлсэн”;
8.2.1.2 Туршилтын хугацаанд сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;
8.2.1.3 Туршилтын хугацаанд ажилласан хоног нь ажиллавал зохих хоногийн 85 хувьд хүрсэн байх;
8.2.1.4 Гүйцэтгэх захирлын тушаалаар туршилтын ажилтанг жинхлэх тухай тушаал гарч, жинхэлсэн ажилтантай хийх хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.
8.2.2 Туршилтын хугацааг сунгах: Дараах нөхцөлд туршилтын хугацааг 1 сараар сунгаж болно. Үүнд:
8.2.2.1 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний нь тухайн ажилтаны албан тушаалын тодорхойлтод заасан “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд”-үүдийг хангаагүй;
8.2.2.2 Туршилтын хугацаанд ажилласан хоног нь ажиллавал зохих хоногийн 85 хувьд хүрээгүй;
8.2.2.3 Ажил үүргийн гүйцэтгэлээ нэмэгдүүлэх боломж олгох үүднээс нэмэлт үүрэг даалгавар өгөх нөхцөл байдал үүссэн.
8.2.3 Захирал, удирдах ажилтнаас ажилтны туршилтын хугацааг сунгах үндэслэл бүхий тайлбар, тодорхойлолт гаргасан
8.2.4 Туршилтын хугацааг дуусгавар болгох, ажилтанг ажлаас чөлөөлөх. Дараах нөхцөлд ажилтны туршилтын хугацааг дуусгавар болгож, ажилтанг ажлаас чөлөөлнө. Үүнд:
8.2.4.1 Ажилтны санаачлагаар;
8.2.4.2 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг албан тушаалын тодорхойлтод заасан гүйцэтгэлийн үнэлгээний түлхүүр үзүүлэлтийг хангаагүй;
8.2.4.3 Туршилтын хугацаанд ажилласан хоног нь ажиллавал зохих хоногийн 70 хувьд хүрээгүй;
8.2.4.4 Туршилтын ажилтан ноцтой зөрчил гарган сахилгын арга хэмжээ хүлээсэн;
8.2.4.5 Туршилтын хугацаанд туршилтын ажилтан нь тухайн ажлын байранд мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын гүйцэтгэл, ажиллах хэлбэр, хувь хүний төлөвшил, хөдөлмөрийн сахилга бат зэргээр тэнцэхгүй гэсэн захирал, удирдах ажилтны үнэлгээ дүгнэлт нь албан бичгээр болон цахим хэлбэрээр гарсан тохиолдолд туршилтын хугацаа дуусгавар болсон эсвэл хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ авалгүйгээр туршилтын хугацааг дуусгавар болгон ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцална.
8.2.5 Өөр ажилд шилжүүлэн ажиллуулах
8.2.5.1 Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлж болно;
8.2.5.2 Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсвэл өөр байгууллагад түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно;
8.2.5.3 Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ.
8.2.6 Өөр ажилд хавсран ажиллуулах, хослон ажиллуулах тухай
8.2.6.1 Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно.
8.3 Ажилтанг ажлаас чөлөөлөх, ажил хүлээлцэх, тооцоо хийх
8.3.1 Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл
8.3.1.1 Ажилтанг ажлаас чөлөөлөхдөө дээд удирдлагууд харилцан зөвшилцөж ажилтанг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргана.
8.3.1.2 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэл болгон шийдвэрлэж, ажилтанг ажлаас чөлөөлнө.Үүнд:
8.3.1.2.1 Талууд харилцан тохиролцсон;
8.3.1.2.2 Ажил олгогч иргэн, ажилтан нас барсан;
8.3.1.2.3 Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;
8.3.1.2.4 Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан. Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон;
8.3.1.2.5 Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;
8.3.1.2.6 Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
8.3.1.2.7 Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.
8.3.2 Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл
8.3.2.1 Ажилтан санаачилсан;
8.3.2.2 Ажил олгогч санаачилсан.
8.3.3 Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах
8.3.3.1 Ажилтны санаачилгаар гэрээг цуцлахдаа ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гарах хүсэлт бүхий өргөдлөө 30 хоногийн өмнө ажил олгогчид бичгээр гаргах бөгөөд ажил олгогч тухайн өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор хариуг мэдэгдэнэ. Хэрэв дээрх хугацаанд хариу өгөөгүй бол өргөдөл өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажилтан ажлын байраа орхих эрхтэй. (Дээр дурьдсан 14, 30 хоногууд нь тухайн албан тушаалд ажиллах өөр иргэнийг олох, ажил олгогчийн ажлын ачааллыг тооцоолсон хугацаа юм);
8.3.3.2 Ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болж хөдөлмөрлөх чадвараа алдсан, ар гэрийн гачигдал гарах, төрөл төрөгсдөө асран халамжлах гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай, эсвэл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол энэхүү заалтын “8.2.3.1”-д заасан хугацаанаас өмнө гэрээг цуцалж болно.
8.3.4 Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах
8.3.4.1 Ажил олгогч байгууллагын үйл ажиллагаа зогссон, татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч нь 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэн байна;
8.3.4.2 Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон (эмнэлгийн магадалгаагаар);
8.3.4.3 Хуулинд заасан тэтгэврийн насанд хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
8.3.4.4 Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
8.3.4.5 Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 11.4.7 зүйлд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ба энэхүү журмын 10.4.3-д заасан зөрчил гаргасан;
8.3.4.6 Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон.
8.3.5 Ажилтан ажлаас гарах тохиолдолд удирдлагууд нь ажилтантай гарах ярилцлагыг хийж тэмдэглэл хөтөлнө.
8.3.6 Удирдлагууд нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах тухай тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төлөвлөнө.
8.3.7 Тушаалд ажлаас чөлөөлсөн шалтгаан болон ажил хүлээлцэх хугацааг тодорхой зааж өгнө.
8.3.8 Тушаалд компанийн Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд орлон ажиллаж байгаа хүн шийдвэр гаргах эрхтэй.
8.3.9 Чөлөөлөгдсөн ажилтны ажлыг удирдлагаас томилогдсон ажилтан хүлээн авч, Хавсралт 9. “Ажил хүлээлцэх акт а,б” үйлдэн баталгаажуулна.
8.3.10 Ажил хүлээлцсэн тухай актыг 2 хувь үйлдэх ба ажил хүлээн авсан ажилтанд нэг хувийг, ажил хүлээлгэн өгсөн хүний хувийн хэрэгт нэг хувийг нь хавсарган, архивт хадгална.
8.3.11 Ажлаа хүлээлгэн өгсөн ажилтан Хавсралт 10. “Тойрох хуудас”-ыг авч, тойрох хуудсаар ээлжийн амралт, санхүү, эд хөрөнгийн тооцоог холбогдох албаны ажилтнуудтай хийж дуусгана.
8.3.12 Ажилтан ажлаас чөлөөлөгдөх үед байгууллагад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй тохиолдолд үлдсэн хохирлын төлбөрийг холбогдох хуулийн дагуу төлж барагдуулах үүрэгтэй.
9.1 Ажлын хэрэгцээнд ашиглаж буй техник хэрэгсэл, эд зүйлийг ажил олгогч, түүний эрх олгосон этгээдийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас гаргах, хувийн зорилгоор ашиглах;
9.2 Ажилтан хуулиар буюу ажил олгогчоос байгууллагын нууцад тооцсон санхүү, ажил хэргийн болон бусад нууцыг чандлан хадгалах бөгөөд нууцыг ямар нэгэн хэлбэрээр задруулахыг;
9.3 Ажилтан өөрийн эрхэлсэн ажилд шууд холбоогүй нууцыг мэдэж авахаар оролдох;.
9.4 Ажилтан нь ажиллах хугацаандаа мэдэх болсон нууцыг энэхүү гэрээ дуусгавар болсон буюу цуцлагдсанаас хойш холбогдох хуульд заасан хугацаанд гуравдагч этгээдэд дамжуулах, хэвлэн нийтлэх, нийтэд зарлах;
9.5 Ажлын байранд Гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр түүхий эд, материалыг гаднаас оруулах, гаргах;
9.6 Овор хэмжээ ихтэй хайрцагтай, цүнхтэй бараа, эд зүйлийг оруулах, гаргах;
9.7 Ажлын цагаар ажлын байр, сувиллын объект дээр согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх, согтуугаар ажилд ирэх;
9.8 Байгууллагын утсаар хувийн яриа ярих, гадны хүнд утас хэрэглүүлэх, гар утсаар ажил, үйлчилгээний цагаар хувийн асуудлаар удаан ярих;
9.9 Ажлын байранд байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй гадны хүнийг нэвтрүүлэх, уулзах;
9.10 Ажлын цагаар хувийн асуудлаар буюу ажилтай холбоогүй яриа удаан өрнүүлэх;
9.11 Ажлын хажуугаар залилангийн шинжтэй хууль бус ажил, сүлжээний бизнес эрхлэх бусдад өндөр хүүтэй мөнгө зээлүүлэх, тус ажилдаа бусад ажилтнуудыг уруу татан оролцуулах, ажлын цагаар ажлын байранд бараа бүтээгдэхүүн сурталчилах, худалдах;
9.12 Ажилтан бага насны хүүхэд ажилдаа дагуулж ирэх, зохих ёсоор захиалга өгөөгүй хүн дагуулж сувилалд ирж байрлуулах;
9.13 Аюулгүй ажиллагааны заалтуудыг зөрчих, бусдад аюул гэмтэл учруулах нөхцөл байдал үүсгэх, үйлдэл хийх;
9.14 Зохих зөвшөөрөлгүй буу зэвсэг болон тэсэрч дэлбэрэх, хордуулах бодисыг оруулахыг тус тус хориглоно.
10.1 Байгууллагын нууцад: Ажил олгогчид үр өгөөж өгөх, эсвэл байгууллагын зорилго чиглэлд нийцэхээс бусдаар ажил олгогчийн хөгжлийн загвар, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн процесс, компанийн менежментийн аргачлал, санхүүгийн үзүүлэлтүүд, үндсэн ба эргэлтийн хөрөнгө, орлого, зарлага, кассын гүйлгээ, ашгийн түвшин, ажилтнуудын цалин хөлс, хөрөнгө оруулалтын хэмжээ, эх үүсвэр, маркетингийн төлөвлөгөө, сувилалд ашиглагдаж байгаа цахим бүртгэл, мэдээллийн сангийн зохион байгуулалт, програм хангамжийн эх код, нэвтрэх нууц түлхүүр, үг, аюулгүй байдлыг хангах шийдэл тохиргоо мөн халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын төлөвлөгөө, нөөцийн бүртгэл,түүхий эд, бараа материалын үлдэгдэл, бүтээгдэхүүн болон бүгээгдэхүүний загвар, түүнтэй холбоотой мэдээ материал, нийтэд зарлагдаагүй байгаа төлөвлөгдөж буй шинэ бүтээгдэхүүн, үнэ тариф, үнийн өөрчлөлт, гадаад дотоод түншүүд, үйлчлүүлэгчдийн нэр хаяг, утас, тэдэнтэй байгуулах гэж буй гэрээ хэлэлцээрийн явцтай холбоотой мэдээ, баримт материал, төсөл, байгуулсан гэрээ хэлэлцээр, компьютерийн нууц түлхүүр, код, цалингийн мэдээлэл зэрэг мэдээллийг ажилтан ажиллаж байх хугацаандаа эсвэл цаашид хөдөлмөр эрхлэх явцдаа нийтэд буюу гуравдагч этгээд (Монгол улсын дотоодод болон гадаадад байгаа аливаа хуулийн этгээд, байгууллага, институт, бүлэг, хувь хүн зэрэг)-д мэдээлэх, ил гаргахыг хориглоно. Байгууллагаас ажилтанд нууцын журмыг танилцуулан нууц хадгалах тухай баталгааг бичгээр хийнэ.
10.2 Ажилтны нууцад: Ажилтан ажиллаж байх хугацаандаа хамтран ажиллаж буй ажилтан, удирдлагын хувийн болон албан мэдээллийг санаандгүй болон санаатайгаар мэдэж цааш дамжуулан, хэн нэгэн гуравдагч этгээдэд илгээхийг хуулийн дагуу хориглоно.
10.3 Үйлчлүүлэгчийн нууцад: Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан хувь хүний мэдээлэл (үйлчлүүлэгчдын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, хувийн мэдээлэл)
10.4 ХДХВ болон бусад халдварт өвчний талаарх хувь хүний мэдээлэл зэргийг гадагш болон гуравдагч эдгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар дамжуулан мэдэгдэхийг хориглоно.
10.5 Нууцыг хадгалах үүргийг зөрчин санаатай буюу санамсаргүй үйлдэл хийснээс үл хамааран үүдэн гарах бүх үр дагаврыг ажилтан хариуцах бөгөөд гарсан бүх хохирлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулна.
10.6 Байгууллагаас ажилтан бүрийн хөдөлмөрийн гэрээнд нууцлалын тухай заалт оруулан гэрээ байгууллахад танилцуулж, нууц хадгалах тухай баталгааг хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар давхар хийгдсэн тооцно.
11.1 Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ болон энэхүү дотоод журамд тусгагдсан үүрэг, заавар, журмыг зөрчсөн, түүнийг биелүүлээгүй гэм буруутай үйлдлийг сахилгын зөрчил гэж үзнэ.
11.2 Зөрчил гаргасан ажилтанг Хавсралт 11. Зөрчил бүртгэх хуудсаар бүртгэнэ.
11.3 Зөрчил гаргасан ажилтанд Гүйцэтгэх удирдлагын тушаалаар дор дурьдсан сахилгын шийтгэлийг ногдуулна.
11.3.1 Өөрт нь гарцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;
11.3.2 Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
11.3.3 Үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах;
11.3.4 Албан тушаал бууруулах;
11.3.5 Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах.
11.4 Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа дараах чиглэлийг баримтална.
11.4.1 Анх удаа сахилгын зөрчил гаргасан, үйлчлүүлэгч болон хамт олонтойгоо зүй бус харьцсан, ажлын хариуцлага алдсан бол өөрт ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах шийтгэл оногдуулах;
11.4.2 Ажилтан ажлын байран дээр сахилгын зөрчил гаргасан, ажил тасалсан (энэхүү журмын 6.2.5-т заасны дагуу чөлөө аваагүй, өвчтэй байсан нь зохих ёсоор нотлогдоогүй), эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага оногдуулах гэм буруутай бол (ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний мөнгө эд материалын хохирлыг учруулсан, мөн дээрх хэмжээний мөнгийг ажилтны буруутай үйлдлийн улмаас ажил олгогч бусдад төлсөн) эсвэл ажлын гүйцэтгэл тааруухан, хангалтгүй үнэлэгдсэн бол хөдөлмөрийн хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэлийг ногдуулах;
11.4.3 Дараах тохиолдолд шат дараалсан арга хэмжээ авалгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж, ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцах ба зөрчлийн хэлбэрээс хамааран эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж, хохирлыг 100% барагдуулан. Үүнд:
11.4.3.1 Хамт олны дунд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн;
11.4.3.2 Ажилтан байгууллагын эд хөрөнгийг хулгайлах, хувьдаа завьшсан, шамшигдуулсан;
11.4.3.3 Ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэсэн, танхайрсан;
11.4.3.4 Байгууллагын нууцлалтай мэдээллийг бусдад задруулсан ба энэхүү журмын 11-р зүйлд заасан нууцлалыг зөрчсөн;
11.4.3.5 Ажлын гүйцэтгэл удаа дараа тааруухан, хангалтгүй үнэлэгдсэн, шалтгаангүйгээр тухайн сарын нийт ажлын цагаас 24 цагийн ажил тасалсан;
11.4.3.6 Байгууллагын эд хогшил, техник, багаж хэрэгслийг эвдэн сүйтгэж байгууллагад ноцтой хохирол учруулсан тохиолдолд;
11.4.3.7 Аюулгүйн дүрэм зааврыг санаатайгаар зөрчсөн;
11.4.3.8 Бусдад захирагдах хүсэлгүй, бусад ажилтнуудыг дээрэлхсэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журмыг санаатайгаар зөрчсөн, будилуулсан;
11.4.3.9 Зочинтой зүй бус харьцсан, стандартын, зааврын дагуу үйлчилгээгээ үзүүлээгүй;
11.4.3.10 Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ хэсэгчлэн болон бүхэлд нь биелүүлээгүй;
11.4.3.11 Удирдлагын зөвшөөрөлгүй, зохих журмын дагуу захиалга өгөөгүй хүнийг унаа тээвэр, зочид буудлын өрөө байр, эмчилгээ, хоол зоогийн үйлчилгээгээр хангасан.
11.5 Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. Харин нэг зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан тохиолдолд зөрчил бүрт тохирсон арга хэмжээг тус тусад нь оногдуулан, шийтгэлийн хөнгөнийг хүндэд багтаан шийдвэрлэнэ.
11.6 Туршилтын ажилтан, түр гэрээгээр ажиллаж байгаа ажилтнууд, дагалдан болон дадлага хийж байгаа ажилтнууд нь үндсэн ажилтнуудын нэгэн адил байгууллагын журам, заавруудыг мөрдлөг болгон ажиллах ба зөрчсөн тохиолдолд журамд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
12.1 Энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг ……. оны … дугаар сарын …-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
12.2 Тухайн цаг үеийн шаардлагаар Гүйцэтгэх удирдлагын тушаал, шийдвэрээр энэхүү хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж болох бөгөөд оруулсан өөрчлөлтийн талаар цаг тухайд нь бүх ажилтнуудад танилцуулна.
12.3 Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж шаардлагатай өөрчлөлт, нэмэлтүүдийг тухай бүр хэлэлцүүлэн оруулах ажлыг удирдах ажилчид болон хүний нөөцийн алба хариуцан гүйцэтгэнэ.
12.4 Журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах хавсралтуудыг журмын хүрээнд хүчинтэй гэж үзнэ.